Tuesday, June 28, 2011

Та бодож үзсэн үү?

Аливаа юмыг олон өнцгөөс харж суухад олон янзын бодол төрөх юм. Гэхдээ нэг дүгнэлтэд заавал хүрдэг. Энэ удаад би бээр жаахан хар бараан талаас нь харж шүүмж хэлэхдээ "Хүн чанар" гэдгийг хөндөн өчүүхэн ч болтугай ухаарал гэгээрлийг авчрахыг зорьж байгааг эрхэм та мэргэн оюундаа болгоох буй за.
Өнөөгийн Монголчуудын тархи оюун нэг талаараа ядуурч хоосорч байна. Яагаад? Яагаад гэвэл улс төр нийгэм нь буруу голдрилд ороод баян ядуугийн ялгаа тодроод, баячууд нь яаж өшөө илүү ихийг олж авах вэ гэж шуналтсаар түүндээ болоод муу аргад суралцсаар, харин ядуус нь яаж мөнгө олох вэ, яавал хүн шиг амьдарч бусдаас дутахгүй явж байгаа мэт харуулах вэ гэсэн өчүүхэн зүйл толгойд нь эргэлдсээр улс орны хөгжил зогсонги байдалд орж ерөнхийдөө 2 хуваагдсан монголчууд нэг нэгнээ үзэн ядах болжээ.
За өөртөө илүү ойр мэдэхээр Монголын залуус гээд бичье л дээ. Өнгөн талаас нь харахад гоёмсог дэгжин хувцасласан залуус хотын гудамжаар хэлхэлдэн алхаж, авто зам нь түгжиртэл машин барьсан хүмүүс цувцгаана. Мэдээж залуус маань сайн сайхан амьдралыг төсөөлж яваа. Гэвч тархи оюун бодолд нь айдас түгшүүр нуугдаастай. Хүний дор орчихгүй юмсан, тэрнээс дор амьдрахгүй юмсан, энэнээс ч илүүг хэрэглэх юмсан гэсэн зорилготой болцгоож ёстой л "Гаднаа гяланцаг дотроо паланцаг" болсон гэхэд хилсдэхгүй жүжиг тоглоцгоож дүр эсгэж амьдарцгаах болж. Яах вэ нэг талаараа зөвтгөх хэрэг ч нөгөө талаараа өнөө найз нөхдийн нандин холбоо, үнэнч шудрага зан, залуу насныхаа гэгээн дурсамжуудаа ч умарттал өмхий санаалах болжээ. Улс орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй яваа нэгнээ "за энэ сургуульд байхдаа хэзээ ийм байлаа" гэж даапаалж найзыгаа аль болох доош нь чангааж улыг нь шагайж эхлэнэ.
Амьдрал нь тэр чигээрээ өрсөлдөөний талбар мэт аяглаж найз нөхөд хамаатан ах дүүстэйгээ ч ил далд хэлбэрээр арсалдан тэмцэлдэх болсныг нуух юун.
Найзууд хоорондоо тааралдаад ингэж хэдэн үг сольдог болж "сайн уу? сайн. юу байна даа. тайван даа. чи юу хийж байгаа вэ? хаана ажиллаж байна? хаана юугаар сураад байна?" гэх мэт асууж шалгаацгаана. тэгээд л хариултад нь "аан тийм үү" гээд л өнгөрнө. Тэгэх зуураа дотроо өөртэйгөө харьцуулан бодолхийлэх аж. Зарим нөхдүүд  ганцаардлаас айсандаа сайн найзын дүр эсгэж эхлэнэ. Үнэхээр найз юмдаа гээд итгээд эгзэгтэй  хэрэгтэй үед олдохгүй байх нь элбэг.
Бүр цаашилбаас хамаатан садангууд ах дүү нар хоорондоо ёозгүй харьцаатай болцгоосон нь илхэн харагдах болжээ. Бүгд л нийгмийн бухимдал амьдралын хүнд хэцүүд бухимдан хүн чанарууд нь аажим аажим үгүй болж байгаа юмуу даа гэж харагдсаар байгаа нь юутай харамсалтай вэ. Өндөр насалсан эхийгээ үр хүүхдүүд нь харах завгүй болжээ. Эхээрээ үр хүүхэд ач зээгээ өсгүүлж харуулж авчихаад өтлөөд зөнөхөөр нь гэрт нь эзэгнэчихээд хөөж туух мэт чи хар би хар гэж заргалдана.
Энэ мэт жишээнээс харахад юу болж байнаа таминээ! Монголчуудаа хүн чанараа бүү гээгээчээ гэмээр байна. Зуурдын энэхэн амьдралдаа хайрыг мэдэрцгээж хайрлацгааж амьдраад нэг үзээрэй. Одоо угаасаа эдийн чанар байтугай хүний чанар муудсан цаг гэж хэнэг ч үгүй хоорондоо ярилцах бус яаж энэ бүх эвгүй харилцаанаас гарах арга замын талаар ярилцаж байя залуусаа!
Мунхаг миний бодохоор хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдралынхаа зорилгыг тодорхойлж түүндээ хүрэхдээ шудрага ёсыг эрхэмлэн дээдэлж бусдыг үл дуурайж, өөрийнхөөрөө хүнлэг чанараа алдалгүй явбаас хэн хүний хайрыг татах нь эргэлзээ үгүй бус уу?
Энэ дэлхий дээрх амьдралын утга учир юу вэ? Сайхан хувцас сайн машин, байр байшин, хашааны газар, эрх мэдэл, ямба суудал хамгаас чухал байж болноо гэхдээ энэ хорвоод чинь "хүн"-ээс эрхэм зүйл үгүй юм шүү дээ! Хүн хүнээрээ л дутдаг хорвоо гэдгийг юунд огоорон нүд нь балай чих нь дүлий царайлж явцгаана вэ! Хүмүүс бид зэрэгцэн ханьлан оршиж байгаа цагт хүн хүнээ хайрлан энэрч ахмад буурлуудаа хүндэтгэн байгаль дэлхий ус ургамал ан амьтад газар шороогоо хамгаалан шудрага үнэнийг дээдлэн явахгүй юм бол хонь чоно лугаа адил дайсагнацгаан энх тунх тайван байдал, хөгжил дэвшил гэж үгүй, энэ амьдрал утга учир үгүй байх бөлгөө! Эрхэм Монгол хүн таны оюун бодол цэцэн мэргэн,  хийморь тань монгол бичиг лугаа адил босоо, сэтгэл зүрх тань тал нутаг лугаа адил уужим сайхан байх болтугай!!!
Г. Отгонтуул       /2011 он 6 сарын 28/

No comments:

Post a Comment