Tuesday, August 23, 2011

Бодрол

Сэтгэл минь юунд гэгэлзэнэ вэ?

Сэрүүн зүүд шиг гэнэтийн учралд уу

Дасаж ч амжаагүй нэгэн сэтгэлд үү

Даруухан нэгэн сүйн бэлэгт үү

Бодол минь юунд сарнина вэ?

Болгоомжгүй хэлсэн үгэнд үү

Борхон зүрхний түгшсэн цохилтонд уу

Бороотой өдрийн эгэлхэн дурсамжинд уу

Нойр минь юундаа хулжина вэ?

Насны ханиа олоод баярлахдаа юу

Намайг чи хайрлан уярдагт уу

Нэхэл хатуу сэтгэлийн минь утсанд уу...

Friday, August 5, 2011

Сэтгэлийн хэдэн мөрт


Чиний минь ирсэн зүг гэрэл гэгээтэй байсан
Чиний минь харсан харц уянгалаг дөлгөөн байсан
Уран гар чинь надад анх бэлэг барихдаа
Ухаантай чи минь өөрөө бэлэг болон ирсэн
Түвшин амгалан амьдрах 2 заяа нийлж
Төгс жаргалыг билгэдэн бидэн 2 учирчээ
Халамж хайранд чинь би хайлан жаргадаг
Халуун сэтгэлд чинь би уяран баясдаг
Ертөнц дээрх цорын ганц итгэлт хайр
Ер бусын чамайгаа би олжээ

Аз жаргалын шувуухай
Алган дээр минь буухдаа
Аминчилж захисан үг нь
“Ариун хайр” хэмээлээ
Үүрдийн жаргалыг билгэдэж
Үнэнч хайраар хайрлая
Сэтгэлийн жаргалыг билгэдэж
Сэвгүй хайраар хайрлая...

Tuesday, June 28, 2011

Та бодож үзсэн үү?

Аливаа юмыг олон өнцгөөс харж суухад олон янзын бодол төрөх юм. Гэхдээ нэг дүгнэлтэд заавал хүрдэг. Энэ удаад би бээр жаахан хар бараан талаас нь харж шүүмж хэлэхдээ "Хүн чанар" гэдгийг хөндөн өчүүхэн ч болтугай ухаарал гэгээрлийг авчрахыг зорьж байгааг эрхэм та мэргэн оюундаа болгоох буй за.
Өнөөгийн Монголчуудын тархи оюун нэг талаараа ядуурч хоосорч байна. Яагаад? Яагаад гэвэл улс төр нийгэм нь буруу голдрилд ороод баян ядуугийн ялгаа тодроод, баячууд нь яаж өшөө илүү ихийг олж авах вэ гэж шуналтсаар түүндээ болоод муу аргад суралцсаар, харин ядуус нь яаж мөнгө олох вэ, яавал хүн шиг амьдарч бусдаас дутахгүй явж байгаа мэт харуулах вэ гэсэн өчүүхэн зүйл толгойд нь эргэлдсээр улс орны хөгжил зогсонги байдалд орж ерөнхийдөө 2 хуваагдсан монголчууд нэг нэгнээ үзэн ядах болжээ.
За өөртөө илүү ойр мэдэхээр Монголын залуус гээд бичье л дээ. Өнгөн талаас нь харахад гоёмсог дэгжин хувцасласан залуус хотын гудамжаар хэлхэлдэн алхаж, авто зам нь түгжиртэл машин барьсан хүмүүс цувцгаана. Мэдээж залуус маань сайн сайхан амьдралыг төсөөлж яваа. Гэвч тархи оюун бодолд нь айдас түгшүүр нуугдаастай. Хүний дор орчихгүй юмсан, тэрнээс дор амьдрахгүй юмсан, энэнээс ч илүүг хэрэглэх юмсан гэсэн зорилготой болцгоож ёстой л "Гаднаа гяланцаг дотроо паланцаг" болсон гэхэд хилсдэхгүй жүжиг тоглоцгоож дүр эсгэж амьдарцгаах болж. Яах вэ нэг талаараа зөвтгөх хэрэг ч нөгөө талаараа өнөө найз нөхдийн нандин холбоо, үнэнч шудрага зан, залуу насныхаа гэгээн дурсамжуудаа ч умарттал өмхий санаалах болжээ. Улс орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй яваа нэгнээ "за энэ сургуульд байхдаа хэзээ ийм байлаа" гэж даапаалж найзыгаа аль болох доош нь чангааж улыг нь шагайж эхлэнэ.
Амьдрал нь тэр чигээрээ өрсөлдөөний талбар мэт аяглаж найз нөхөд хамаатан ах дүүстэйгээ ч ил далд хэлбэрээр арсалдан тэмцэлдэх болсныг нуух юун.
Найзууд хоорондоо тааралдаад ингэж хэдэн үг сольдог болж "сайн уу? сайн. юу байна даа. тайван даа. чи юу хийж байгаа вэ? хаана ажиллаж байна? хаана юугаар сураад байна?" гэх мэт асууж шалгаацгаана. тэгээд л хариултад нь "аан тийм үү" гээд л өнгөрнө. Тэгэх зуураа дотроо өөртэйгөө харьцуулан бодолхийлэх аж. Зарим нөхдүүд  ганцаардлаас айсандаа сайн найзын дүр эсгэж эхлэнэ. Үнэхээр найз юмдаа гээд итгээд эгзэгтэй  хэрэгтэй үед олдохгүй байх нь элбэг.
Бүр цаашилбаас хамаатан садангууд ах дүү нар хоорондоо ёозгүй харьцаатай болцгоосон нь илхэн харагдах болжээ. Бүгд л нийгмийн бухимдал амьдралын хүнд хэцүүд бухимдан хүн чанарууд нь аажим аажим үгүй болж байгаа юмуу даа гэж харагдсаар байгаа нь юутай харамсалтай вэ. Өндөр насалсан эхийгээ үр хүүхдүүд нь харах завгүй болжээ. Эхээрээ үр хүүхэд ач зээгээ өсгүүлж харуулж авчихаад өтлөөд зөнөхөөр нь гэрт нь эзэгнэчихээд хөөж туух мэт чи хар би хар гэж заргалдана.
Энэ мэт жишээнээс харахад юу болж байнаа таминээ! Монголчуудаа хүн чанараа бүү гээгээчээ гэмээр байна. Зуурдын энэхэн амьдралдаа хайрыг мэдэрцгээж хайрлацгааж амьдраад нэг үзээрэй. Одоо угаасаа эдийн чанар байтугай хүний чанар муудсан цаг гэж хэнэг ч үгүй хоорондоо ярилцах бус яаж энэ бүх эвгүй харилцаанаас гарах арга замын талаар ярилцаж байя залуусаа!
Мунхаг миний бодохоор хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдралынхаа зорилгыг тодорхойлж түүндээ хүрэхдээ шудрага ёсыг эрхэмлэн дээдэлж бусдыг үл дуурайж, өөрийнхөөрөө хүнлэг чанараа алдалгүй явбаас хэн хүний хайрыг татах нь эргэлзээ үгүй бус уу?
Энэ дэлхий дээрх амьдралын утга учир юу вэ? Сайхан хувцас сайн машин, байр байшин, хашааны газар, эрх мэдэл, ямба суудал хамгаас чухал байж болноо гэхдээ энэ хорвоод чинь "хүн"-ээс эрхэм зүйл үгүй юм шүү дээ! Хүн хүнээрээ л дутдаг хорвоо гэдгийг юунд огоорон нүд нь балай чих нь дүлий царайлж явцгаана вэ! Хүмүүс бид зэрэгцэн ханьлан оршиж байгаа цагт хүн хүнээ хайрлан энэрч ахмад буурлуудаа хүндэтгэн байгаль дэлхий ус ургамал ан амьтад газар шороогоо хамгаалан шудрага үнэнийг дээдлэн явахгүй юм бол хонь чоно лугаа адил дайсагнацгаан энх тунх тайван байдал, хөгжил дэвшил гэж үгүй, энэ амьдрал утга учир үгүй байх бөлгөө! Эрхэм Монгол хүн таны оюун бодол цэцэн мэргэн,  хийморь тань монгол бичиг лугаа адил босоо, сэтгэл зүрх тань тал нутаг лугаа адил уужим сайхан байх болтугай!!!
Г. Отгонтуул       /2011 он 6 сарын 28/

Saturday, May 28, 2011

Далд ертөнц

Далд ертөнц гэхээр таны санаанд ямар зүйл бууж байна? Тиймээ сүнслэг тэр далд ертөнцийн талаар шинжлэх ухааны талаас бус мөхөс би өөрийн зөн мэдрэмж үзэл бодолдоо тулгуурлан цөөн үгээр бичихээр шийдсэн минь энэ.
Хүн нас барахаар оюун ухаан бодол бүхий сүнс нь махан биенээсээ салж энергийн  бөөгнөрөл мэт байдалтай болдог. Учир нь хүний махан биений био энерги хуримтлагдсаар гадна биеийн энергэн бүрхүүл болсоор байдаг ба тэр энергэн бүрхүүлүүд оюун ухааныхаа хамт амьгүй болсон биенээс удалгүй салж явдаг. Түүнийг бид сүнс гэдэг.
Сүнс нь хаана очихоосоо үл хамааран оюун ухаан нь хэвээр байх ба эргэн тойрноо харж мэдэрч махан бие үгүй ч яг л хүн  мэт байж юу идэх юу өмсөх юу хийх дуртай байсан болон ямар дуу хоолойтой ямар ааш зантай байсан яг л тэр хэвээр байдаг буюу хамгийн сүүлийн хүн байх үеийнхээ бүх л шинж чанаруудыг хадгалсан хард диск /hard disc/ мэт байдаг байна. Тиймээс сүнс өөрийн үнэтэй эд зүйлдээ болон хайртай дотны хүмүүстээ хоргодох нь элбэг байдаг ажээ. Ийм сүнснүүд нь эргээд хүмүүний амьдралруу тэмүүлдэг ба зарим тохиолдолд хүний биед дайрч орох гэж үздэг байна. Азтай гэгдэх зарим нь хүмүүн биеийг олж ахин мэндлэхдээ хүүхэд байх үеийнхээ 7 нас хүртлээ урьд төрлийнхөө мэдээлэлтэй буюу хард дисктэйгээ байдаг гэдэгтэй би санал нэгддэг. Ахиж хүн болж төрнө гэдэг маань юу гэсэн утгатай вэ гэдгийг та бид гадарладаг. Энэ үйлтэй хорвоод ахин хүн болж төрөх нь маш ховор хувь заяа гэж номлодог. Нохой, муур, хонин гүрвэл болж төрөхөөс хүн болж төрөх нь мэдээж хэрэг хол илүү хувь төөрөг л дөө. Үүнийг үгүйсгэх гээгүй ч хүн амьдралынхаа туршид ямар хүн байж юу хийж амьдарснаас өөрөөр хэлбэл хийсэн үйлийн үрээсээ шалтгаалан ахиж хүмүүн биеийг олж төрөх эсэх нь хамаарч байдаг.  Хийж байсан үйлээ дуусгаж амжаагүй, санаа сэтгэл дундуур, зовж зүдрэн эсвэл буруу муу үйл их хийж амьдарч байсан гэх мэт олон янзын хувь төөрөгтэй байсан хүмүүсийн сүнс ахин хүн болж төрж зөв сайхан амьдрах гэж хичээдэг гэсэн нигуур бий.  
Харин олон түмний сайн сайхны төлөө чин сэтгэлтэй явж эдэнд шуналгүй эрдэмд дурлан буян үйлдэж ирсэн гэгээрэлд хүрсэн гэгдэх сүнснүүд нь ахин хүн болж төрөлгүйгээр тэнгэр өөд тэмүүлдэг ба дээд тэнгэрт мөнхийн хутгийг олдог байна.
Тэгэхлээр энэ далд ертөнцөд юу болж байдаг нь одоо гадарлагдах буйзаа. Энүүхэн хэсэгт хоргодсон сүнс буюу хүмүүн амьдралдаа хоргодож үлдсэн сүнс болон төрлөө олоогүй тэнэмэл сүнсний тухайд ярьвал тэд маш их ганцаарддаг ба хайр энэрлийг хүсэж байдаг байна. Арга ядсан зарим сүнс хүүхдийн хайртай хүүхэлдэй тоглоомонд шингэж хайрлуулах гэж эрмэлзэх нь яг л амилсан хүүхэлдэй гэх аймшгийн киног санагдуулж байгаа биз? Гэтэл ийм зүйл мэр сэр энд тэнд тохиолддогийг хүмүүс хоорондоо ярьдагийг та сонссон уу? Бид иймэрхүү яриа сонсоод дэмий балай тэнэг зохиомол яриа гэж бодоод л өнгөрдөг. Зарим сүнс нь айлын хоол унд эргүүлж ор дэрийг нь эзгүйчилж байдаг ба мэдэгдээд лам бөөгөөр хөөгдсөн тохиолдолд хоосон байр байшин сав хайдаг байна. Монголчууд хоосон ор хонуулдаггүй дээр нь заавал алх хутга сандал мэтийг тавьж хонуулдаг байсан нь санамсаргүй тохиолдол биш юм. Тэр ч бүү хэл зарим сүнс зочид буудал, бар цэнгээний газруудад ч орогнож элдэв муу муухай зүйлийг харж баясаж заримд нь гар бие оролцож байдаг нь нууцгүй юм. Учир нь сүнснүүд өөр хоорондоо адилгүй зан байдалтай нь гарцаагүй.
Та унтах дөхөөд зүүрмэглэж ирмэгц таны дээрээс ямар нэг зүйл дарж боож хөдөлгөөнгүй болгож зовоож хоолойг тань боож байхыг мэдэрч байсан уу? Тиймээ тэр бол сүнсний л хийж буй үйлдэл. Тэд хүний хүч суларсан үе ба унтаж байх үед таны сүнс түрхэн зуур биенээс тань холдохыг андахгүй дээрээс тань дарж орох гэж оролддог байна. Удалгүй ямар нэг чимээнээр таны сүнс эргэн орж ирэх явцад та өндөр дээрээс унаж буй мэт зүүдэлж огцом цочин сэрдэг ба өнөөх тэнэмэл сүнс ч холддог байна.
Ийнхүү тэнэмэл хоргодмол сүнснүүд хүн төрөлхтнийг айлгаж цочоож зарим нь бүр хорлож байхад гэгээрэлд хүрсэн дээд тэнгрийн сүнснүүд шинэ амьдралаар амьдарч баяр наадам хийж хурал цуглаан зохиож учир утгатай сонирхолтойгоор оршин тогтнож байдгийг олон мэдээлэл эх сурвалжуудаас та олж сонсох болно. Далд ертөнцөд олон далд нууцлаг зүйлүүд байгааг бид зөн билэг мэдрэмжээ хөгжүүлж чадвал цаашид олон тайлагдашгүй зүйлийг мэдэж мэдрэх боломжтой юм.
Тиймээ та одоо материаллаг буюу зөвхөн нүдэнд ил харагдах баригдах гэсэн үзлийг халж 6 дахь мэдрэхүйн буюу далд мэдрэхүйн эрин үе ирчихээд байгааг мэдсэн үү? Мэдээж хэрэг тогтсон үзэл баримтлал итгэл үнэмшлийг өөрчлөх гэдэг бэрх асуудал. Гэвч энэ тухай та хэзээ нэгэн цагт ойлгож бидэнтэй /үзэл бодол нэгтэй хүмүүс/ санал нэгдэх бөлгөө.

Г. Отгонтуул                      /1:01 a.m/  2011/5/29

Friday, May 27, 2011

We belong together

Хувь тавилан гэж бдаг
Хайр сэтгэл ч гэж бдаг
Үүнийг үгүйсгэж яахин болно
Үүрд орших мөнхийн сэдэв

Чамд би хайраа өгье
Чи минь наддаа ирээрэй
Заяа төөрөг минь чамайг нэхсэн
Залуу чамайгаа би олсон

Бусдын адил жаргалыг бүтээе
Буруу зөвийг ялган хөгжье
Тэнгэрлэг нэгэн хайрын түүхийг
Тэр л нэгэн хуудаснаас эхлье

Үүрдийн жаргалыг бэлгэдэж
Үнэнч хайраар хайрлая
Тэсэн ядан хүлээсэн өдрүүд
Тэгэхэд надад чамайг авчрана...

Г. Отгонтуул
Thursday, March 24, 2011 at 12:35am
   

Хавар хайр

Зуныг угтсан хаврын улирал сайхан
Зулай дээрээс наран эрт ургана
Заяаны чамтай минь хавар л учруулах шиг
Зүрх сэтгэлийг минь баясган хөглөнө

Хавсарга салхи нь чихэнд нэгийг шивнэж
Ханхүү чиний минь үгийг дамжуулах шиг
Хавар хайр хамтдаа ирнэ
Хөх яргуй тэгэхэд дэлгэрнэ

Нар ойртож навчис өндийхөд
Намираа хураа хавар хайрлана
Найрсаг зуныг урин дуудна
Насны хосууд тэгэхэд хотоор зугаална

Чимээгүйхэн бороо дусалхад
Чин сэтгэлд жаргал бэлэглэж
Чиний бичсэн захидлыг авчрах шиг
Чилээрхсэн зүрхийг минь итгэлээр тэжээнэ...

Г. Отгонтуул                     2011. 4. 20  /20:40/

Thursday, May 26, 2011

Рекламан дундах кино

Кинон дундуур ганц нэг реклам явдаг байсан цаг саяхан мэт боловч одоо цагт рекламан дундуур кино үзэх гэж зүдэрдэг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь өнөөгийн нийхэмд "Рекламны пауз" гэж зүйл нь ихэд өндөр байр суурь эзлэх болсон байна. Хөлс хөдөлмөр шингэсэн олон сайхан кинонуудыг өрнөлтэй эгзэгтэй хэсэг дээр нь хайр найргүй тасдан утга учирыг нь алдагдтал өнөөх саван шампунь оо сойзоо рекламдаж киноныхоо амтанд орчихсон үзэгчдийн сэтгэл хөдлөл урмыг хугалдаг болсоор хэдэн ч жилийн нүүр үзчихэв. Тэгээд тэр реклам нь бараг 20-оод минут шахам үргэлжилж кино үзэж буй хүмүүсийг залхаан цээрлүүлэх мэт болгож сувгаа солиход хүргэн эргээд сувгаа тааруулахад киноны чухал үйл явдал нь өнгөрчихсөн байх нь олонтаа байдаг бизээ. Ингэж хүмүүсийн дургүйцлийг төрүүлэн байж гаргасан рекламууд хүмүүст үнэхээр хүрч чадаж байна уу гэдгийг бас бодолцож үзмээр байгаа юм.
Миний бодлоор кино эхлэхийн өмнө рекламаа гаргавал илүү үр өгөөжтэй байх юм шиг санагдана. Бүр тусад нь рекламны цаг гаргаж яагаад болохгүй гэж? Реклам үзэх нэг нь үзнэ, үзэхгүй хүмүүсийг бол заавал эрх чөлөө хүсэл сонирхлыг нь боогдуулж хүчилж гаргаж байгаа нь нэг талаараа ёс суртахуунгүй хэрэг юм.
Ажлын ачаалал, замын түгжрэл, ар гэрийн асуудал гээд тархиндаа олон стресстэй өнөөгийн хүмүүс гэртээ хариад зурагтныхаа өмнө тухлан кино үзэж байтал гэнэт реклам тасдан гарч бас стресс нэмнэ. Бушуухан киногоо үзээд унтаж амрахыг бодовч реклам гарсаар киногоо бүтэн үзэлгүй орхих тохиолдол ч олон байдаг нь харамсалтай. Хүмүүс бид тэр болгон киног театрт нь үзээд байх боломж байдаггүй. Сүүлийн үед киноны хальс бичлэг хуулбар худалдан авч гэртээ үздэг хүмүүс ч олширсон. Мөн интернэтээс татаж үздэг ч болсон. Тэгэхлээр телевизийн кино үздэг хүн хомс болчихвол цаашлаад хүмүүс телевиз үздэггүй болчихвол яах вэ гэдгийг холбогдох хүмүүс нь бодолцох л асуудал баймаар.
Манай телевизийнхэн рекламны албаар дамжуулан санхүүжилт олдог болж, тэгэхээс ч өөр аргагүй болсон цаг үед амьдарч байгаа хэдий ч кино урлагийг бага ч болов хүндэтгэж  элдэв зүйл дундуур нь оруулалгүй бүрэн эхээр нь гаргадаг болох цаг эргэн ирнэ гэж найднам.
Г. Отгонтуул